УХААЛАГ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛ
Төслийн зорилго:
“Ухаалаг ирээдүй” төсөл нь Ахлах ангийн сурагчдад өөрийгөө таньж мэдэх, шинжлэх ухааны аргачлалыг ашиглан мэргэжлээ зөв сонгоход нь туслах замаар чанартай боловсролыг дэмжих зорилготой.
Бид уг төслийг хэрэгжүүлэхдээ “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран ажиллаж тус байгууллагын хэрэгжүүлж буй ОУ-ын лицензтэй “Central тест”-ийг ашиглан ахлах ангийнхны ажил мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг тодорхойлж өгдөг. “Central тест” нь хүүхэд залуусыг мэргэжлээ зөв сонгоход туслах дэвшилтэт технологи бөгөөд хувь хүний зан чанар, ажил мэргэжлийн сонирхол, карьерийн чиглэлийг цогцоор нь тодорхойлох орчин үеийн аргачлал юм. Уг тестээр хувь хүний зан чанар, хобби сонирхолд тулгуурлан тухайн хүнийг тодорхойлж буй үзүүлэлтүүдийг 138 ажил мэргэжилтэй тохиромжтой байдлаар нь үнэлэн гаргадаг.
Төслийн хамтрагчид: УИХ-ын гишүүн Б. Жавхлангийн ажлын алба, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газар, ЕБС-ууд
Төслийн үйл ажиллагаа:
1. Багш, эцэг эх, ахлах ангийн сурагчдад Мэргэжил сонголтын сургалт, лекц зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх
2. Төслийн үйл ажиллагааны мэдээллийн хуудас болон сургалтанд шаардлагатай дасгал ажлын хуудас, Мэргэжил сонголтонд шаардлагатай эцэг эхчүүдэд хүргэх захидал
3. Ахлах ангийн сурагчдыг ОУ-н баталгаатай мэргэжил сонголтын тест өгүүлэх
4. Багш нарыг Мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх арга барилд сургах
Төслийн хэрэгжилт: Дархан-Уул аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 500 хүүхдийг тус төсөлд хамруулахаар төлөвлөн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. 2021 онд “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран “Central тест” /Мэргэжил сонголтын тест/-д Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 3 сумдын ЕБС-ийн 12-р ангийн 100 хүүхдийг хамруулсан. Мөн анги даасан багш, сургуулийн нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд, сурагчдыг хамтад нь байлцуулан мэргэжлээ зөв сонгохын ач холбогдол, ирээдүйд үнэ цэнэтэй мэргэжил, хэрхэн мэргэжлийн чиглэлээ сонгох г.м илүү нарийвчилсан ойлголтыг өгч, холбогдох мэргэжлийн зөвлөгөөг өгсөн. Сургалтанд давхардсан тоогоор 200 сурагч, 100 гаруй эцэг эх, 20 орчим сургуулийн багш нар хамрагдаад байна.